Цоо шинэ загвар
iPhone 5-ыг хараад 8MP iSight камер, хүчирхэг процессор, том дэлгэц, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт утасгүй сүлжээний төхөөрөмж зэргийг яаж ийм
нимгэн, гоёмсог загвар бүхий их биед багтааж байна гэж гайхахаас аргагүй ажээ. Бүгд хөнгөн цагаанаас бүрдсэн бөгөөд 7.6 мм өргөн, 112 грамм жинтэй байгаа нь iPhone 4S-с 18 хувь нимгэн, 20 хувь хөнгөн гэсэн үг юм.
4 инчийн Retina дэлгэц
Хэн ч, ямар ч компани том дэлгэцтэй утас үйлдвэрлэж чадна. Том дэлгэц гоё гээд л томруулаад байвал хэрэглэхэд хялбар байдал, үзэмжний тал дээр асуудал үүсч эхлэнэ. Харин Apple компаний инженерүүд тун ухаалгаар утасныхаа дэлгэцийг томруулах санаа олсон нь өргөөш нь биш, уртааш нь томруулах байжээ.
Өргөний хувьд яг л iPhone 4, 4S-н адил 640 пиксел, харин уртаараа бол 1136 пиксел. Интернетээр аялахдаа илүү их контент үзэж, кино үзэхдээ илүү том хүрээг хамарч, календар дээрээ илүү их өдрийн хуваариа харж, и-мейлээ шалгахдаа илүү олон захидалуудыг хардаг боллоо.
Хэмжээ нь томорлоо гээд чанар нь муудаагүй, харин бүр ч сайжирсан. Өнгө, өнгөний ялгарал зэрэг нь өмнөхөөсөө 44 хувиар илүү болсон. Мөн инч бүрд оногдох 326 пикселийн нягтаршил бүхий Retina дэлгэц нь таны үзэж буй зүйлийг улам бодит, баялаг харагдуулна.
Төгс хурдан утасгүй сүлжээ
LTE технологи бол яахын аргагүй хамгийн хурдан нь. GPRS, EDGE, HSPA зэргийг хол хаяна. Харин нэг гэм нь гар утасны батарейг зүгээр л уудаг. Харин iPhone 5-д үүнийг шийдэж өгсөн бөгөөд та LTE дэмждэг гар утасны оператор компаниар үйлчлүүлж, интернетээр аялаж байхдаа цэнэг дуусчих вий гэж санаа зовохоо болино.
Dual-band 802.11n утасгүй сүлжээний технологи нь таныг Wi-Fi сүлжээ ашиглаж байхад жинхэнэ ид шидээ мэдрүүлэх болно. Дуртай сайтуудаараа зочил, дуртай зүйлээ тат, дуртай видеогоо өндөр чанартай, ямар ч гацалтгүйгээр үз.
А6 процессор
Цоо шинэ A6 процессор бүхий iPhone 5-г хэрэглэхэд бүх зүйл нь хурдан байгааг өөрийн эрхгүй мэдрэх ажээ. Өмнөх A5 процессортой харьцуулахад 2 дахин хурдан бөгөөд програм эхлүүлэх, веб хуудас ачааллах, и-мейл хавсаргасан баримтуудыг унших гээд л тоо томшгүй олон зүйл дээр тэрхүү хурд нь үр ашгаа өгнө.
Түүнээс гадна график боловсруулалтын хувьд мөн л адил A5-с хоёр дахин хурдан болсон. Энэ нь юу гэсэг үг вэ гэвэл та өмнөх гайхалтай өндөр чанар бүхий тоглоомуудыг ямар ч гацалтгүйгээр тоглохоос гадна цоо шинэ, өндөр хүчин чадал шаардсан тоглоомуудыг мөн адил гар утсан дээрээ тоглох боломжтой болно гэсэн үг юм. Жишээлбэл, Real Racing 3.
Ийм их хүчин чадал гаргаж байгаа юм чинь цэнэгийг ч тэсгээхгүй юм байна даа гэж та бодсон уу? Тэгэж бодол орж ирэх нь зөв, гэхдээ буруу бодсон байна. Гар утасныхаа операторын сүлжээг ашиглан интернетээр тасралтгүй 8 цаг аялаж, эсвэл тасралтгүй 8 цаг утсаараа ярьж, үгүй бол утсан дээрээ 10 цаг тасралтгүй кино үзэх боломжтой.
Шив шинэхэн чихэвч
Хүний чих болгон хоорондоо адилгүй. Тиймээс чихэвч зарим хүний чихэнд таардаг хэрнээ заримынхад нь төдийлөн сайн тохирохгүй байх нь бий. Apple-н инженерүүд энэ байдал дээр маш сайн анхаарч зуу зуун хувилбар бүхий загварыг зуу зуун хүнээр туршуулж, хамгийн сайныг нь сонгож, боловсруулж, сайжруулж, одоо боллоо гэсэн нь Apple EarPods юм. Зөвхөн тохиромжтой байдлаас гадна мэдээж хэрэг дууны гаралт, дуугаралт, чанарын хувьд маш сайн болсон гэжээ.
Apple EarPods бол iPhone 5-ын дууны системийн эхлэл нь. Түүнээс гадна iPhone 5 урдаа, хойноо, бас доороо микрофонтой. Урд болон хойно нь байрлах микрофон нь тогтсон нэг цэгээс гарч буй дуунд голлож төвлөрөх боломжийг олгох бөгөөд шинэ дуу чимээ тусгаарлах технологийн ачаар та утсаараа дуу чимээ ихтэй газар ярьж байсан ч танд ярьж буй хүн тань л маш сайн сонсогдох болно.
iSight камер
Одоо үед зургийг утсан дээрээ авсан уу, эсвэл мэргэжлийн камераар авсан уу гэдгийг ялгахад бэрх болсон цаг. iPhone 5-ын камерт шинээр панорама зураг авах үйлдэл нэмэгдсэн бөгөөд та 240 градусын хамрах хүрээтэйгээр 28 мегапиксел хүртэлх хэмжээний том панорама зураг авах боломжтой.
Түүнээс гадна зураг авах хурд нь 40 хувиар дээшилж, бага гэрэлтэй орчинд зураг авах чанар нь сайжирсан. Бас 1080p нягтаршил бүхий видео бичлэг хийх явцдаа торгон агшны зургийг нь хүртэл авч хадгалах боломжтой болжээ. Бас болоогүй, 10 хүртэлх тооны хүний царайг таних чадвартай болсноос гадна урд талын камер нь 720p нягтаршил бүхий видео бичлэг хийх чадвартай болсон нь FaceTime ашиглаж байхдаа яг л хажуудаа байгаа мэт ярих боломжтой гэсэн үг юм.
Lightning залгуур
iPhone 5-г ийм үзэсгэлэнтэй, нимгэн болгох явцад залгуурыг нь дахин шинэчилж загварчлах шаардлага зайлшгүй тулгарчээ. Тиймээс одооны байгаа 30 хөлтэй залгуурыг халж, оронд нь дижитал, 8 хөлтэй, цоо шинэ, авсаархан, гоёмсог залгуурыг бүтээсэн байна. Мөн та уг залгуурыг ашиглахад буруу талаар нь залгачих вий гэж бодох хэрэггүй болсон. Учир нь энэхүү залгуур аль ч талаараа ажиллах боломжтой аж.
Удахгүй олон олон хэрэгслүүд Lightning оролттой болно. Гэхдээ танд уламжлалт 30 хөлтэй залгуурын оролт бүхий төхөөрөмж байгаа бол Lightning-г 30 хөлтэй залгуур руу хувиргах, тусдаа зарагдаж буй хувиргагчийг ашиглах боломжтой.
iOS 6
Мэдээж хэрэг энэхүү гайхалтай утас шинээр гарч буй iOS 6 үйлдлийн системтэй. Цоо шинэ Maps програм, улам сайжирч ухаалаг болсон Siri, шинэчлэгдсэн App Store, iCloud, AirPlay, AirPrint гээд л олон олон гайхалтай боломжуудтай. Тэдгээрийг уншихыг хүсвэл миний урьд нь нийтэлж байсан iOS 6-н талаарх нийтлэлийг энд дарж уншаарай.
Багтаамжийн хувьд 16, 32, 64 GB бөгөөд тус бүрийн үнэ нь 199$, 299$, 399$. Өнгөний сонголт нь хар болон цагаан. 9-р сарын 14-өөс захиалгаа авч эхлэх бөгөөд 9-р сарын 21-ээс худалдаалагдаж эхлэх ажээ.