Алдарт "Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан
шинэ бүтээгдэхүүн болох "iPad” нэртэй таблет компьютер Америкийн зах
зээлд худалдаалагдаж эхэллээ. Wi-Fi буюу утасгүй интернэт болон 3-G
сүлжээнд ажиллах боломжтой энэхүү iPad таблет компьютер нь бусад ижил
төрлийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь АНУ-аас өөр хаана ч байхгүй юм. Нью-Йорк хотноо Манхэттен дүүрэгт байрлах "Apple”
компанийн нэрийн барааны дэлгүүр бямба гаригийн өглөө орон нутгийн
цагаар 09.00 цагаас хаалгаа нээсэн бөгөөд дэлгүүр онгойхоос өмнө 500
гаруй хүн дугаарлан зогсч байжээ. Тэдгээрийн дотор iPad худалдан
авахаар бусад улс орноос АНУ-ыг зорин ирсэн хүмүүс ч байсан гэнэ.
"Apple” компанийн зүгээс онлайн хэлбэрээр урьдчилсан захиалга авсан ч
дэлгүүрийн гадна хоносон хүмүүс цөөнгүй байсан аж. Компанийн үүсгэн
байгуулагч Стийв Возняк хүртэл хэдийгээр онлайнаар урьдчилан захиалсан ч
гэсэн баасан гаригийн орой Калифорни дахь "Apple” компанийн нэрийн
барааны дэлгүүрийн гадна очиж, дугаарлан хоносон гэнэ. Харин үнийн
тухайд iPad нь үзүүлэлтээсээ хамаарч 499-829 ам.доллараар
худалдаалагдаж байна. Манхэттен дэх салбар дэлгүүрийн гадна дугаарласан
худалдан авагчдын хамгийн түрүүнд зогсч байсан Грег Пакер гэгч бүр
гуравдугаар сарын 30-наас эхлэн дугаарласан байна. AFP мэдээлснээр
баасан гаригийн үд дунд гэхэд дэлгүүрийн гадна 15 хүн байсан гэнэ.
"Apple” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс "iPad”
хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ смартфөүн болон лэптоп хоёрын
завсрын, "гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” хэмээн нэрлээд байгаа юм.
Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан
кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой
ажээ. Түүнчлэн "iPad” нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд
хэрэглэгчид "Apple”-аас саяхан нээсэн "iBook Store”-д холбогдож,
электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл
бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой. "iPad” нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй
дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж
болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн
зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг
цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна. Хамгийн хямд үнэтэй "iPad” нь 16GB флэш
меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй
юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг
ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр
борлуулагдаж байгаа ажээ.
|
Davhaa